Thursday, March 10, 2016

Гэрийн амтат талх

#LampochkaGoesMinimalistAction3 #ЭрүүлХүнс #ХогХаягдалгүйАмьдрал #HealthyEating #ZeroWasteLiving #BiOrganic #БиОрганик
Аль болох байгалийн гаралтай эрүүл цэвэр бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэх, сав баглаа боодолтлой  бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг хичээх болсноос хойш миний дадал болгож чадсан эхний хүнсний бүтээгдэхүүн бол талх.
Гэртээ талхаа барих сайн талууд:
1. Өглөө бүр амтлаг, сэвсгэр шинэхэн талх иднэ
2. Гарал үүсэл нь тодорхой натурал, экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэнэ.
3. Сав баглаа боодолтой талх худалдан авахгүй тул хог хягдлаа багасгана
4. Мөнгө хэмнэнэ
Сөрөг тал:
Гэртээ өөрийн гараар талх барьсанаар цахилгаан бага зэрэг үрэх хэрэгцээ гарна, гэвч та өөрийн хэрэглэж буй шарагч шүүгээ, талх баригч зэргийг цахилгаан хэмнэх горимтой А ба +А зэрэглэлийн хэрэгсэл сонгосноор цахилгаанаа хэмнэн байгаль дэлхийгээ хайрлах боломжтой

Миний хэрэглэдэг хамгийн энгийн талхны жороо орууллаа, маш энгийн гар доорх материалууд тул туршиж үзээрэй.
Амтат талхны орц:
1. 1 аяга бүлээн ус
2. 1 х/халбага элсэн чихэр
3. 1,5 ц/халбага эсгэгч
4. 2,5 аяга гурил
5. 1 ц/халбага давс
6. 1/4 аяга ургамалын тос
Эхлээд 1 аяга бүлээн усанд 1х/халбага элсэн чихэр, 1,5 ц/халбага эсгэгчээ хийж 10 минут хэртэй эсэж хөөсөртөл байлгана.
Гурил зуурах савандаа 2,5 аяга гурил, 1 ц/халбага давс, 1/4 ургамалын тосоо хийж урьдчилан бэлдсэн эсгэгчтэй усаараа зуураад цэвэр даавуу алчуураар таглан дулаан газар 2 цаг хөөлгөнө.
Хөөсөн гурилаа хэвэндээ хийж 30 минут хэртэй амраагаад урдчилан 200°C хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 35-40 минут  алтан шаргал өнгөтэй болтол нь жигнээд талх бэлэн болно. :)

Гялалзан алтан шаргал өнгө нэмэхийн тулд шарах шүүгээнд хийхийнхээ өмнө нэг ширхэг өндөгний цагаан түрхэж болно, энэ зураг дээрх талх өндөг түрхээгүй тул жоохон царай муутай харагдаж байгаа байх :P


За ингээд нэгэнт талх хийгээд эхлэх юм бол френч багет, чабатта, бүхэл үрийн талх гээд талхныхаа нэр төрлийг улам нэмээд нэмээд явна шүү дээ! Амжилт хүсье!

Хүндэтгэсэн,
Гэрийг гийгүүлэгч Лампочка нь

Wednesday, March 9, 2016

Хог хаягдалгүй ариун цэврийн хэрэглэл

#‎LapochkaGoesZeroWasteAction2‬
Эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл байгальд шингэлгүй 500 жилийн турш хөрсийг бохирдуулдаг. Гэтэл нэг эмэгтэй хүн дундажаар 11,000 ариун цэврийн хэрэглэл хэргэлдэг. Тэгвэл үүнийг орлуулах байгальд ээлтэй хэрэглээ болох олон удаагийн хэрэглээний селикон үтрээний аяга 2002 оноос европд нэвтрээд байгаа. Энэхүү аягыг хэрэглэснээр байгальд ээлтэйгээс гадна эрүүл мэндэд бас ач тустай юм байна. Хөхний суулгац зэргийг хийдэг 100% селиконоор хийгддэг учир ердийн ариун цэврийн хэрэглэл, тампон шиг дээр нь элдэв янзын нян бактер үрждээггүй гэнэ. Хэрэглэхэд маш хялбар бөгөөд цэвэр, үтрээндээ байрлуулаад 3-4 цагт нэг удаа асгаж, цэвэр усаар угаагаад буцаан байрлуулдаг. Сард нэг удаа хэрэглэж дуусаад тусгай ариутгалын бодисонд хийж ариутгаад 10 хүртэл жил хэрэглэх боломжтой юм байна. Хэмжээний хувьд ердийн тампоноос томгүй тул эвгүй мэдрэмж төрөхгүй болтой. Хамгийн гол нь өөрт таарах хэмжээг нь зөв сонгож авах хэрэгтэй. Ийм аяганцартайгаа унтах, спортоор хичээллэх тэр бү хэл сэлж, ваннтай усанд орсон ч аюулгүй юм байна.
За Лампочка нь энэ айхтар эдийг чинь олоод авчих санаатай зөндөө хайлаа судаллаа. Маш олон төрлийн аяга үйлдвэрлэгддэг ч монголд тун ховор байдаг болтой. Урт удаан эрлийн эцэст Английн Moon cup брэндийг монголоос 42000₮ өөр худалдан авах боломжтой бөгөөд хүргэлт үнэгүй байдагийг олж мэдээд бөөн баяр. Англид £21.99 зарагддаг гэхэд манайд харьцангуй боломжийн үнэтэй санагдлаа.
 Ингээд дараагийн сараас эхлэн хэрэглэж эхлэхээр шийдсэн. Та нар ч гэсэн энэ талаар цаашид судалж үзээд таалагдвал хэрэглээрэй.

Хүндэтгэсэн, 
Гэрийг гийгүүлэг Лампочка нь
.

Хог хаягдалгүй худалдан авалт

#LampochkaGoesZeroWasteAction1 #ZeroWasteShopping #ХогХаягдалгүйХудалданАвалт
Долоо хоног бүр хүнсээ цуглуулж ирээд дэлгүүрээс дааж ядан авч ирсэн зүйлийн 1/3 нь сав баглаа боодол байдаг бөгөөд шууд хогийн саванд ордог. Худалдан авалт хийх зуур хэсэгхэн хугацаанд гоё сайхан харагдаад энэ бүхэн газрын хөрсийг бохирдуулан мянга мянган жил хэвтэнэ гэдэг бодол сэтгэлийг минь улам уламаар зовоох болсон. Та нартайгаа гялгар уут, тор, нийлэг материалтай сав баглаа боодлоос аль болох татгалзаж эхэлсэн өөрийн аргаас хуваалцаж байна.
 Зиа хүнсээ цуглуулхаар гарахдаа авч гардаг бүрэн зэвсэг минь нэг иймэрхүү байна. Шилэн савнуудыг сүү шингэн бүтээгдэхүүн, элсэн чихэр, давс гэх мэт нэг дор 2оос доош кгаар нь авах боломжтой бүтээгдэхүүнүүддээ хэргэлсэнээр асгаж гоожихгүйгээс гадна давхар давхараар нь хэрэглэх гялгар уутнуудыг олноор хаягдахаас сэргийлнэ.

Надтай хамт 9 жилийн нүүр үзэж байгаа тор минь. Хөөрхий тор минь булангаасаа элэгдэж муудаж байгаа, тэгэхдээ муудаад хаясан ч байгаль дэлхийгээ хордуулахгүй цэвэр тааран тор тул сэтгэл хангалуун байгаа. :) Худалдан авалтанд олон дахин хэрэглэх даавуун болон тааран уут хэрэглэснээрээ дундаж өрх бүр долоо хоногт 3-4 гялгар тор байгальд хаягдахаас сэргийлнэ мөн 450-600 төгрөгийг хэмнэнэ

За нэг ийм цэвэр хөвөн даавуун уутыг хүнсний ногоо, жимс зэрэг худалдан авахдаа ашиглаж байна даа. Угааж цэвэрлэн ахин дахин хэрэглэснээр гялгар уутны хэрэглээг асар багасгах боломжтой. Ингээд өрх бүр хичээвэл өөрчлөлт ямар их байж болох талаар төсөөлөөд үздээ. :) 
Бүсгүйчүүл минь ойрын хугацаандаа хэрэгжүүлээд  үзээрэй, өөрсдийн туршлагаасаа мөн надтай хуваалцаарай. 

Хүндэтгэсэн,
Гэрийг гийгүүлэгч Лампочка нь :)

Байгальд ээлтэй, эрүүл, цэвэр орчинд аз жаргалтай амьдрах

Сүүлийн 3 жилийн турш хэрхэн эрүүл, аз жаргалтай цэвэр орчин, цэнгэг агаарт амьдрах вэ, хэрхэн амьдралын чанараа дээшлүүлэх вэ гэж эрэлхийлэн хичээсээр өөрчлөлтийг өөрөөсөө, өрх гэрээсээ эхлэхээр хичээж байгаа хувийн бяцхан орон зайд минь тавтай морил...

 Улаанбаатарын утаа, тоос, хог, шороо, баталгаагүй хүнс, ус гэж бухимдаж  бурууг бусдад тохож гараа хумхин сууж олон жилийг барсан бөгөөд гол нь хүн бүр өөрөөсөө... өрхөөсөө эхлэн  бурууг хайж бүгд дор бүрнээ хичээж хэмнэж багасгаж чадвал өөрчлөлт ямар ойрхон байгааг ойлгосон юм. Бид цахилгаан, халуун усаа хэмнэх хэрээр цахилгаан станцын утааг буурлна. Онц шаардлагагүй бөгөөд ойрхон зайд машинаа унахгүй байгаагаараа мөн л утаа тоосоо бууруулна. Хог хаягдалаа бууруулах тусам бидний орчин цэвэршиж, байгаль дэлхий эрүүлжинэ.  Энэ бүхнийг өөрөө алхам тутамдаа хэрэгжүүлхээр хичээж, хүүхдүүддээ ач холбогдлыг нь сайн хэлж дадал суулгаж байгаа туршлагаасаа хуваалцах болно. 

Хүндэтгэсэн,
Гэрийг гийгүүлэгч Лампочка нь :)