Sunday, April 13, 2025

Нугасны анд явлаа, явлаа…

Зүүд ч биш, мөрөөдөл ч биш, үнэхээр яваад ирлээ, тэр ч бид ч чадлаа... Анх, хэзээ ч юм бэ дээ, олоон жилийн өмнө Чеховын нэрэмжит Москвагийн Уран Сайхны Театрын бага тайзнаа Александр Малины найруулгаар тавигдсан “Нугасны анд” явж байсан би өчигдөр нийслэл хотдоо төрлөх хэлээрээ PRO theatre-ын залуусын тавьсан “Нугасны анд” яваад ирлээ, тэд үнэхээр ПРО байлаа... ЗХУ-д постмодерн урлаг ид дэлгэрэн байх үед тодоор гэрэлтээд харван одсон Александр Валентинович Вампилов гэх Буриад гаралтай, түүгээрээ ч ихэд бахархдаг залуухан зохиолчийн “Нугасны ан” жүжгийг л хэлээд байгаа хэрэг л дээ. А.В.Вампилов 35 жил хорвоогийн тоосыг хөдөлгөхдөө их л ээдрээтэй амьдарсан ч амьдралааа тэр хэрээрээ бүтээлчээр өнгөрүүлсэн. Түүний эцэг Валентин Вампилов дөрөв дэх хүүхдээ мэндлэхээс өмнө хүү төрнө, гайхалтай зохиолч болно хэмээн түүний хувь заяаг зөгнөсөн зүүд үзсэн гэдэг ба хамгийн хоржоонтой нь А. С. Пушкины нас барсан өдөр хүү төрсөн тул тэрээр Александр нэрийг авсан гэдэг. 1939 онд Вампилов хүүг хоёр настайд эрдэм номтой хувилгаан ламын удамтай, өндөр боловсролтой, урлаг уран сайхны мэдрэмжтэй, зургаан хэлээр ярьдаг эцэг нь тухайн үеийн их хэлмэгдүүлэлтийн шуурганд өртөж панмонголизмын үзэлтэй хэмээгдэн хороогдсон явдлаар түүний ээдрээт тавилан эхэлдэг. Эцгийн үхлээс хойш хүүг мөн л өндөр боловсрол, урлагийн мэдрэмжтэй эмэг эх Александра Африкановна нь тун шаггүй өсгөсөн ба бяцхан Вампиловыг өөрийн гарал угсаагаараа бахархдаг, буриад болон орос хоёр талын алив сайн сайхан бүхнийг нэгэн биед юүлсэн хүн болоход нь онцгой хувь нэмэр оруулсан гэдэг. Түүний авьяас чадвар эрт илэрч, оюутан ахуй цагаасаа л өгүүлэл туурвилаараа танигдаж эхэлсэн ба 1960 онд Иркутскийн Их Сургуулийн түүх-филолгийн тэнхимийг дүүргэж асан үеэ хожим дурсан “...Хавар цагаас, залуу наснаас, амжилтаас толгой минь бүхэлдээ эргэж байсаан. Гэвч би аз жаргалын хойноос хэрхэвч хөөцөлдөөгүй, харин түүний мөрөөр санамсаргүй л гишгэлж байсан юм...” гэж бичсэн нь байдаг. Тэрээр 1964 оноос сэтгүүлчийн ажлаа орхисноор 8 жилийн турш “Том хүү” /“Старший сын”/, “Зургаадугаар сарын хагацал”/”Прощание в июне”/, “Ноднин зун Чулимскд”/”Прошлым летом в Чулимске”/, “Орон нутгийн хошин шогууд”/”Провинциальные анекдоты”/, “Нугасны ан” /”Утиная охота”/ зэрэг жүжгийн зохиолуудыг бичсэн нь ЗХУ даяар орон нутгийн театруудад тавигдаж эхэлсэн ба түүнийг 1972 онд нас барахаас хоёр жилийн өмнөөс улсын статустай болон нийслэлийн томоохон театрууд ч сонирхож эхэлж байжээ. Тэнгэрт дэвшсэнээр тэр мартагдсангүй, харин ч нэр алдар нь улам түгсээр өдгөө энд тэндхийн их бага театруудад тавигдсан жүжгийн тоогоороо ЗХУ, ОХУ дээд амжилтыг тогтоосон нэгэн болсон. Түүний ихэнх бүтээл дэлхийн 20 гаруй хэл дээр орчуулагдсан байдгаас гаднын бүтээлүүд нь дэлгэцийн бүтээл болсноос хэд хэдэн ч гадны кино байгаа шиг санагдаж байна, тэдгээрээс тод санаж байгаа нь 2006 онд АНУ-д найруулагч Марюс Вайсберг /Marius Vaysberg/ түүний “Том хүү” жүжгээр сэдэвлэн бүтээсэн “The elder son” инди кино ч байна. Харин “Нугасны ан” жүжгийн хувьд гэвэл өдгөө ч энд тэнд тоглогдсон хэвээр, энэ жил буюу 2025 онд гэхэд ОХУ-ын А.С.Пушкины нэрэмжит Магниторскийн Драмын Эрдмийн Театрт Александр Фонарёвын найруулгаар, Гомельск Мужийн Драмын Театрт Вацлав Дембовскийн найруулгаар, түүнчлэн манайд, Монгол Улсад ч PRO THEATRE Б.Анхбаатарын найруулгаар мета драмын жүжиг хэлбэрээр тавигдаж байна. Өөр дэлхийн ямархан өнцөг буланд ямар буйдхан театрт тавигдаж байгаа, мөн 2027 онд түүний 90 насны ойгоор хэд болон тоглогдохыг хэн хэрхэн мэдэх билээ. За энд эрхэм Вампиловыг орхиод PRO THEATRE-ийнхаа тайз руу буцъя.
“Нугасны ан” жүжиг урьд өмнө Монголд тавигдаж л байсан байх, олж үзээгүй болохоор сайн хэлж мэдэхгүй юм. Ингэхэд хэн орчуулсан юм бол, ямартай ч гойд сайн орчуулгатайгаас гадна “Незабудка” кафены нэрийг “Дурсамж” кафе гэж орчуулсан нь монголчууд бидний сэтгэхүйд илүү ойр ойлгомжтойгоор буулгасан санагдсан шүү, за тэр яах вэ. Харин энэ удаагийн Б.Анхбаатарын найруулгын хувьд уламжлалт “Нугасны ан” нэрээр бус, харин “Сүүлчийн бороо” нэрээр тавигдаж байгаагаасаа эхлээд л өөрийн эрхгүй анхаарал татаж байлаа. Нугасны ан товлосон өдрийн цаг агаарын мэдээ солигдмол үүлтэй 16°С хэмийн дулаан гэсэн ч үргэлжилсэн их бороо ордог гэдгийг мэдэж байсан би чухам яагаад бороог тэгтэл тодруулсныг нь эхлээд ойлгооогүй байж энд танд тайлбарлахад тун дулимаг явдал болно, та жүжгийг өөрөө үзэж байж л үүнийг бүрнээ мэдрэх учиртай. Мета драмын жүжиг гэсэн тодотгол “Сүүлчийн бороо” нэрээсээ ч илүү аазгай хөдөлгөж байсан, гэвч жүжиг эхлэхийн өмнө нээлттэй орхисон хөшиг, түүний ард холхилдон кулиснд буй мэт жүжигчид, үзэгдэл хооронд хэв нэг тайзны засал, жижиг хэрэгслийг зөөчхөөд өөрийн гарааг хүлээн тайзны хоёр талаар эгнэн суух дүрүүд. Энэ бүхэн чухамдаа л Мета драмын жүжгийн “жүжиг өөрөө жүжиг гэдгээ илтгэхдэг” гол шинжийг агуулан байв. Түүнчлэн жүжигчд өөрийн дүрийн тодорхойлолтыг үзэгчдэд шууд хандан хэлж өгч байгаа нь жүжгийг улам бүр мета болгож байсныг ч дурдах хэрэгтэй. Дурсамж хэсэг бүрийн дундуур гол дүрийн Зиловыг заавал ан товлосон өдөрт эргүүлэн авч ирж буй шийдэл онцгой оновчтой соньхон байлаа. Зилов бодит байдлаас дурсамжид шилжихэд орны толгой дээр тодорч бүдгэрэн анивалзах гэрэл, харин ан товлогдсон өдрийн бодит байдалдаа эргэн ирэхэд орчныг тодотгох аадар борооны чимээ... Зиловын дүрийн дотоод зөрчил, хямралыг тодотгох борооны чимээ... Эдгээр билэгдэл болон шийдлүүд нь залуу найруулагчийн мэдрэмж, ур чадварыг тодоор илтэн байсныг магтахгүй өнгөрөх арга алга. Үүнээс дутахгүйгээр дүрүүд үргэлж үзэгчид руу харж байхаар нарийн тооцоолсон асар хялбар, хөнгөн тайзны шийдэл ч мета драмын жүжгийн маш чухал шинжийг илтгэн байсан тул тайзны зураач Г.Түвшинжаргалыг ч магтууштай. Дүрүүдийг шинж чанарыг тодоор илэрхийлэх хувцас жижиг хэрэлэлийг нь ч магтууштай. Цаашлаад Дүрүүд өөрсдийн харилцан яриа дундуур зөвхөн хоорондоо харилцалгүйгээр хамгийн эгзэгтэй мөчүүдэд үзэгчдэд хандан байгаа нь бас л мета шийдэл гэхээс илүү магтаал оноож хэлэхэд бэрх. Гол дүрүүдийн үйлдэл, болон туслах маш чухал элементүүдийг ч тодруулан үзэгчдийн анхаарлыг оновчтой хөтлөн байсан гэрлийн найруулагч А.Билгүүн, дүрүүдийн дотоод эмзэглэл, зөрчил, итгэл алдралтай илүү ойрхон холбогдох боломжийг бүрдүүлсэн дууны найруулагч Э.Базарханд нарын мэдрэмжийг, амьд хөгжмийн оролцооны чухал үүргийг ч бас мета хэмээн магтахгүй өнгөрөх арга үгүй байлаа. Энэ бүх гэрэл, тайзны хөдөлгөөн, хөгжим, дуу чимээ зэрэг элементүүд нь үйл явдлын чухал хэсэг байгаад зогсохгүй цогцоороо сэтгэлзүйн хандлага, наратив орчин бүрдүүлэн үзэгчдийг ажиглагчийн байр сууринаас нь гарган жүжгийн үйл явдалд бүрэн уусгаж дүрийн мөн чанар, хүний сэтгэл зүйн гүн рүү хөтлөн байв. Эргээд найруулга руу хэлбийхэд Зиловын дотоод зөрчлийг нугас болгон биежүүлж, тусдаа хүн-нугасны дүр оруулсан нь мета театрын хэлбэрийг символизм, сэтгэл зүйн дүрслэлтэй хослуулсан маш бүтээлч шийдэл байлаа. Ийн дотоод зөрчлийг гадаад дүр болгож илэрхийлснээр Зиловын хэлж чадахгүй, сэтгэл дотроо тулалдаж буй сэтгэл зүйг Нугас гэх тусдаа дүрээр “амьдруулж” үзэгчид түүний дотоод ертөнцтэй шууд холбогдох боломжийг олгожээ. “Нугасны ан” жүжгийн нэртэй гүн холбоотойгоор нугас нь мөрөөдөл, бодит байдлаас зугтах хүсэл, эсвэл амьдралын утга үгүйдэлд автсан Зиловын дотоод, хоосролыг бэлгэдэх мэт тул символизм гээд зоригтой хэлчихлээ. Найруулагч Хүн-нугасын дүрээр дамжуулж Зилов өөртэйгөө зөрчилдөх, өөрийгөө үгүйсгэх, хүлээн зөвшөөрөх, эсвэл зугтах гэсэн талыг ямар ч харилцан яриагүйгээр зөвхөн үйлдлээр үзэгч шууд мэдрэх боломжийг олгосноор, жүжигчин Т.Тэгшжаргалын хэлсэнчлэн, түүний дүүр үнэхээр гол дүр байв. Найруулагч Б.Анхбаатар болон туслах найруулагч Б.Даваасүрэн нарын чухам энэ л шийдэл зөвхөн нэг төрлийн уран сайхны илэрхийлэл бус, харин бүхэлдээ жүжгийг олон давхаргат урлагийн арга барилуудыг хослуулсан цогц шийдэл буюу мета театр + символизм + сюрреализм + сэтгэл зүйн жүжгийн огтлолцол бүтээл болгожээ. Үүнээс гадна дурсамж дөрөв дээр цаас шидлэх, дурсамж тавын хаалганууд зэрэг үзэгдэл бүрийн донжтой шийдэл Зилов эцэг эхээс захиа авдаг, захидлууд ирэхэд тодрох аав ээж нугас зэрг үйл хөдлөлөөр арын хэсэг /задний план/ дээр чамин чимхлүүр элементүүдээр, эдгээрээс гадна дурсамж хоёр гурвын голд гарах Галинагийн үр хөндүүлэх шийдвэр, дурсамж нэг хоёрын голд Верагийн гомдол цөхрөл зэрэг үзэгдэл хоорондын олон жижиг ньюанс болон дүрүүдийн сэтгэл зүйг үйл хөдлөл болон амьд хөгжимтэй хорших эрч хүчтэй бүжгийн хөдөлгөөнөөр илэрхийлэх зэргээр найруулагч өөрийн болон зохиолчийн чухал санаануудыг үнэхээр тод томруун шигтгэсэн байв. Тус жүжгийн чухам оргил хэсэг нь жүжгийн туршид цор ганц удаа хаагдсан хөшиг, буун дуу, Зилов өөрийн дотоод зөрчлөө номхотгон дарж, амьдралынхаа эзэн болж, хүссэн амьдралаараа амьдарч эхэлснийг билэгдэн дээрээс тунаран унах нугасны өд байлаа. Харин хөшиг нээгдэх агшны үзэгдэл нь ангийн товлосон өдрийн урд шөнөөс үргэлжлэн орсон бороо чухам “Сүүлчийн бороо” байсныг бахдалтайгаар тунхаглан байв. Сүүлчийн бороо... Үнэхээр жүжгийн доторх бэлгэдлүүдийг хаана хэрхэн ашигласан шийдлүүд нь жүжгийн гүнзгий утгыг улам тодотгож байв. Нугасны өд, бороо, хөшиг гэх мэт элементүүд нь амьдралын хязгаар, төгсгөл, шинэ эхлэл гээд олон утгатай бэлгэдлүүдээр дүүрэн байж найруулагчийн илэрхийлэхийг хүссэн “Итгэл найдвар биднийг ямар ч үед орхидоггүй, юу ч тохиолдож байсан гарц үргэлж байдаг” гэсэн гол санааг давтан давтан өгүүлэх ажээ. “Нугасны ан” угаас хүний дотоод зөрчил, мөрөөдөл ба бодит байдал хоёрын зөрүүг хөнддөг гүн сэтгэл зүйтэй зохиол болохоор мета театрын хэлбэрт маш сайн зохицсоны дээр Д.Анхбаатар найруулагчийн уран сэтгэмж, оновчтой шийдлүүд орчин үеийн үзэгчдийн сэтгэл зүйд нийцсэн, жүжгийн гүн утга агуулгыг ойлгоход улам дөхөм болгожээ. Энд жүжигчдийн ур чадварыг ч заавал чухалчлан заавал магтууштай. “Нугасны анг” 23 жилийн өмнө Александр Марины найруулгаар үзэхдээ Дима Б.Батзолбоогийн дүрийг би Зиловын альтер-эго гэж хүлээн авсан, энэ удаад ч энэхүү дүр энгийн нэг туслах дүр биш, харин Зиловын өөрийнх нь хүсэмжит дүрийн толь бөгөөд бүхнийг мэддэг, бүхнийг чаддаг тэрээр Зиловын атаархал, бишрэл, дуурайл болохыг тод харуулжээ. Цаашлаад Г.Анузулын цовоо тод дуу хоолой, үйл хөдлөл бүрээрээ гэнэн хонгор, ариун сайхны туйл Иринагийн дүрийг чадварлагаар харуулав. Бусад дүрүүд ч Кушак М.Лхагва, Галина Б.Даваасүрэн, Вера Э.Буд-Эрдэнэ, Кузаков Э.Сүмбэ, Нугас Т.Тэгшжаргал л байх ёстой мэт бүгд л өөр өөрийн оноосон дүрийг чадварлагаар бүтээсэн ба найруулагч ч дүрүүдийг маш оновчтой оноосон санагдаж байв. Зиловын дүрд З.Булган, Саяпины дүрд Б.Билгүүн тоглосон нь жинхэнэ олз байв. Гэтэл эдгээр дүрийн жүжигчдийг жүжгийн танилцуулга афиш дээрээ сэлгэсэн байдлаар оруулсан нь анхаарал татсан ба дүр бүтээлт төгс байсан тул Саяпиныг Б.Билгүүнээр л, Зиловыг чухам З.Булганаар л төсөөлөн буй үзэгчид энэ хоёрын байр нь солигдвол жүжиг ямархан байх нь соньхон тул солигдсон хэлбэрээр нь бас нэг удаа үзэх сэдлийг төрүүлж байв. Эцэст нь хэлэхэд PRO theatre-ийн тайзнаа амилсан “Сүүлчийн бороо” жүжиг нь Зөвлөлтийн жүжгийн зохиолч Александр Вампиловын “Нугасны ан” бүтээлийг XXI зууны өнцгөөс харж, шинэчлэн найруулсан нь орчин цагийн монгол хүний сэтгэл зүйн хөрсийг гүнзгийд нь хөндсөн, нийгмийн үнэт зүйлийн эрэлд хөтөлсөн, нэлээд зоримог алхам болсон санагдав. Тайз, дуу, дүрслэлийн шийдлүүд жүжгийн сэтгэл зүйн уур амьсгалыг илүү хүчтэй болгож, үзэгчийн анхаарлыг эхнээс нь дуустал барьж чадсан ба жүжигчдийн хослол, найруулгын уран сайхан, харилцан үйлчлэлийн гүнзгий мэдрэмж бүгд “амьд” байлаа. Хамгийн онцлууштай нь гол дүрийн “хоёр тал” буюу түүний сүүдэртэйгээ харилцах дотоод тэмцлийг илэрхийлсэн мөчүүдээр түүний өөртөө дүгнэлт хийж, өөрийгөө болон бодит байдлаа хүлээн зөвшөөрөх хүнд бэрх замыг үзэгчдийн нүдэн дээр амилуулсан нь үнэхээр хүчтэй сэтгэгдэл төрүүллээ. Жүжгийн зохиолч, найруулагч, жүжигчид, PRO theatre-ын баг хамт олон бүгд 30 эргэм насны залуус байсан давхцал тохиолдлын зүйл биш буй за. Тиймдээ ч багийн нэгж гишүүн бүр ажилдаа чин сэтгэлээсээ хандаж өөр өөрийн оноолт ажлыг чадварлагаар гүйцэтгэсэн нэгэн цул байгаа нь мэдрэгдэж, тэд үзэгчдээ сэтгэл догдлуулсан нугасны анд хөтлөн байв. BRAVO! Хэрэв та залуу хүн бол, ялангуяа 30 эргэм насных бол миний энэ өчүүхэн бичвэр танд ч энэхүү гайхалтай жүжгийг амжиж үзэх сэдэл болуужин. За ер та хэдэн ч настай бай заавал үзээрэй, “Сүүлчийн бороо” мета драмын жүжиг 4 сарын 13, 18, 19, 20, 25, 26, 27-ны өдрүүдэд 19 цагаас ОШУСТ/РЦНК тайзнаа тоглогдох юм билээ. Харин ойрд эдлээгүй сэтгэлийн цэнгэлийг хүртсэн бийвээр PRO theatre болон найруулагч Б.Анхбаатарын дараагийн уран бүтээлд амжилт хүсээд тэсэн ядан хүлээн суух л үлдлээ. Эрхэм найруулагч болон баг хамт олных нь хойшид толилуулах уран бүтээлүүдийг алгасалгүй үзэх болно.