Урлаг, урлагийн түүх, соёл, бага зэрэг философи, Монголчууд, Нүүдэлчид, Минимализм... Эрүүл, эко амьдрал... хог хягдалгүй амьдралын хэв маяг... #Art, #ArtHistory #Culture tiny bit of #Philophy #Mongols #Nomads #Minimalism #ZeroWaste #Green #Eco #SustainableLifestyle
Sunday, April 13, 2025
Нугасны анд явлаа, явлаа…
Monday, March 31, 2025
ТЭНЦВЭР буюу Хаврын эморол...
Thursday, March 20, 2025
АЗ ЖАРГАЛ ГЭДЭГ…
Thursday, March 13, 2025
Ахаа бай яа, таны зөв байж буюу Жан Бодрийяр, түүний Хайпррэалити…
Ойрд байн байн Францын социологич, философич Жан Бодрийяр (1929–2007) болон түүний симулякр ба симуляц, хайперреалити буюу хэт бодит байдал, медиа манипуляцын талаарх үзэл санаа толгойд эргэлдээд сөхөж нэг хармаар санагдсаар жил гаруй явлаа. Тэгээд завтай бөгөөд зайтайн хэрэг юу билээ, уншив аа… Жинхэнэ ахаа бай яа, таны зөв байж гэж дуу алдсаар унших тусам өнөөгийн бидний хувьд, онцгойлон нийгмийн сүлжээний орчинд ач холбогдолтой хэвээр байгааг гайхсаар энэ тухай заавал хуваалцмаар санагдлаа. Чухам юу гэвээс, өнөөгийн нийгэмд бодит байдлыг орлож буй тэмдэгтийн дүрслэлүүд нь нь өөрсдөө бодит байдлаасаа ч илүү "жинхэнэ" болж, хүмүүсийн амьдрал виртуал ертөнцөд илүү утга учиртай болж байна гэж тэрээр бичиж байж. Анх масс медиа руу чиглэж байсан Бодрийярыни энэхүү онол нь өнөөгийн нийгмийн сүлжээний платформуудын хуурмаг дүр төрх, өөрийгөө брэндин (self branding) соёлд бүрэн нийцэж байгааг харж болно.
Түүний Хайпррэалити
(hyperreality) буюу хэт бодит байдал гэсэн ойлголт нь яагаад Instagram, TikTok,
Facebook зэрэг платформууд жинхэнэ амьдралаас илүү жинхэнэ мэт санагддагийг тайлбарлаж байгаараа нийгмийн
сүлжээ зөвхөн бидний амьдралыг тусгаад зогсохгүй, түүнийг өөрчилж, бодит болон
виртуал ертөнцийн заагийг улам бүдгэрүүлж байгаа орчин нөхцөлд амьдарч буй бидний
хувьд өнөөдөр ч ач холбогдолтой хэвээр. Бид Бодрийярыг эргэн нэг сөхөж өөрсдийгөө
жинхэнэ амьдралаар амьдарч байна уу, эсвэл контентын нэг хэсэг болон хувирч
байна уу гэдгээ эргэцүүлэх цаг болсон мэт.
Ийн санал болгох
учир нь Бодрийярын симулякр буюу бодит байдлыг орлох тэмдэгтийн хуурмаг дүрслэлүүдийн
тухай санаа нь нийгмийн сүлжээнд тод харагддаг. Интернэт болон нийгмийн сүлжээ
хэрэглэгчид дийлэнх нь өөрсдийн дүр төрхийг анхааралтай бүтээж, шүүж,
боловсруулсан байдаг бөгөөд энэ нь бодит амьдралаас эрс ялгаатай ба энэхүү
тэмдэгтийн хуурмаг дүрслэлүүд нь өөрөө өөрийгөө бататган, хүмүүсийг улам төгс
харагдахыг хичээхэд хүргэдэг. Үүний үр дүнд хүмүүс бусдын бодит амьдралыг бус,
харин тэдний бүтээсэн тэмдэгтийн дүрслэлийг л харж, харилцдаг болдог. Instagram,
TikTok зэрэг платформууд үүний тод жишээ гэж хэлж болно. Хэт гоёчилсон аяллын
бичлэгүүд, гоо сайхны төгс дүр төрх, амжилтын түүхүүд нь бодит байдлыг илүү
сэтгэл татам мэтээр харуулж, бодит амьдрал улам уйтай мэт санагдахад хүргэдэг.
Бодрийярын анхааруулж байсанчлан бид амьдралаа шууд мэдрэх бус, харин зөвхөн түүний
тэмдэгтээс бүрдсэн дүрслэлийг л хүлээн авдаг болсоор.
Симуляцийн
Дараалал ба Дижитал Эриний талаар цааш бодоод үзвэл Бодрийярын тайлбарласан
дүрслэлийн дөрвөн үе шат нь нийгмийн сүлжээнд дараах байдлаар илэрч байгаа мэт:
Нэгдүгээр буюу Бодит байдлын үнэн зөв тусгал үе – Энэ үед зөвхөн эхэн үеийн нийгмийн
сүлжээний платформууд болох Hi5 болон Facebook дээр
хүмүүс жинхэнэ амьдралын үйл явдлаа хуваалцдаг байсан үе хамаарна. Хоёрдугаар
буюу Бодит байдлыг гажуудуулсан үе – Нөлөөлөгчид буюу инфлүэнзрүүд(influencers)
болон өөрсдийн шүүсэн, засварласан зурагт ихээхэн ач холбогдол өгч эхэлсэн үе.
Гуравдугаар буюу Дүрслэл нь бодит байдлыг бүрэн орлох үе – AR фильтер, хиймэл оюун
ухаан ашиглан бүтээсэн контентын өсөлтийн үе. Эцсийн үе бол Хайперреалити
(hyperreality) буюу Хэт бодит байдал – Онлайн харилцаа, дүр төрх нь бодит
амьдралаас бүрэн тасарч, виртуал ертөнц өөрөө шинэ "бодит байдал"
болох үе. Энэ эцсийн үе шатанд нийгмийн сүлжээ нь бодит байдлыг тусгахгүй;
харин өөрөө шинэ бодит байдлыг бий болгож, хүмүүсийн өөрийгөө үнэлэх үнэлэмж,
амжилтын ойлголт, гоо сайхны хэмжүүрийг тодорхойлох болсон энэ үед бид хөвж
явна. Энгийнээр бид жинхэнэ бодит байдал симуляц хоёроо ялгах хөг нь нэгэнт өнгөрсөн
гэсэн үг.
Таныг
айлгамааргүй байгаа хэдий ч Хэт Бодит Байдлын Сэтгэлзүйн Нөлөөг товч дурдахад Бодрийярын
хэт бодит байдлын тухай шүүмжлэл нь зөвхөн онолын бус, бодит сэтгэлзүйн үр
дагавартай. Хүмүүс өөрсдийн онлайнаар бүтээсэн дүрийг хадгалах шахалттай
тулгарч, түүнээс болж сэтгэлийн хямрал, түгшүүр, өөрийгөө бусадтай харьцуулах
үзэгдэл улам нэмэгддэг. Бодит бус дүрслэлүүдтэй өөрийгөө харьцуулах нь сэтгэл
хангалуун бус байдлыг төрүүлж, олон нийтийн сүлжээнд байнгын оролцоотой байх
хамааралтай болгодог.
Жан Бодрийярын
онолууд нийгмийн сүлжээ, постмодерн соёл, виртуал ертөнцийн талаарх судалгаанд
ихээхэн нөлөөлсөн бөгөөд түүний хэт бодит байдал (hyperreality), симуляц (simulation), симулякр
(simulacra), медиа манипуляц (media manipulation) зэрэг үзэл санааг олон
судлаачид гүнзгийрүүлэн судалсан байдгаас цөөн хэдийг дурдвал. Жан-Франсуа
Лиотар (Jean-François Lyotard) -ын “Постмодерн нөхцөл байдал: Мэдлэгийн тухай илтгэл” (“The Postmodern
Condition: A Report on Knowledge” 1979) хэмээх постмодернизмын үндсэн
ойлголтуудыг тодорхойлсон бүтээлдээ Бодрийяртай адил ертөнц нь улам бүр агуу
түүхүүд (grand narratives)-ээс салж, мэдээллийн тасралтгүй урсгалд автаж
байгааг онцолсон. Түүнчлэн Лиотарын "мета-туульс" (meta-narrative)
хэмээх ойлголт нь Бодрийярын симулякрын үзэлтэй нийцдэг. Өөрөөр хэлбэл, бодит
үнэн гэж байхгүй, харин олон янзын мэдээлэл, дүрслэлүүд л бидний ойлголтыг
бүрдүүлдэг. Ги Дебор (Guy Debord) -ын “Үзэгдлийн нийгэм” (“The Society of the
Spectacle” 1967) ном нь Бодрийярын онолын гол сууриа болгосон бүтээлүүдийнх нь
нэг ба тэрээр бидний амьдрал нь медиа, зар сурталчилгаа, улс төрийн
манипуляциар дүүрсэн бөгөөд эдгээр нь хүмүүсийн бодит байдлыг ойлгох чадварыг
сулруулж байна гэж үзсэн. Түүний "үзэгдлийн нийгэм" (spectacle
society) хэмээх санаа нь Бодрийярын симулякрын ойлголттой адил бөгөөд аль аль
нь бидний бодит байдалтай харьцах арга замыг медиа хэрхэн өөрчилж байгааг
харуулахыг зорьдог. Маршалл Маклюэн (Marshall McLuhan)-ны “Мэдээллийн хэрэгсэл бол мэссэж (илгээлт буюу захиас
гэсэн утгаараа)” ("The
medium is the message" 1964) хэмээх санаа нь мэдээлэл хэрхэн дамжиж буй нь
мэдээллийн утга учраас илүү чухал болохыг харуулсан. тэрээр мэдээллийн хэрэгсэл
бидний сэтгэхүй, ойлголтод асар их нөлөөтэй гэж үзсэн бол Бодрийяр тэдгээр нь
бидний бодит байдлыг бүрэн сольж байгааг онцолсон. Дээр хэлсэнчлэн өнөөгийн
нийгмийн сүлжээний орчин энэхүү санааг улам тод илэрхийлж байгааг бид харж болно.
Фрэдрик Жэймсон (Fredric Jameson) “Постмодернизм буюу Хожуу Капитализм дахь Соёлын
Логик” (“Postmodernism, or The Cultural Logic of Late Capitalism” 1991) номдоо Бодрийярын
онолтой ижил санааг хөндөж, постмодернизм нь капитализмын логикоор удирдагдан,
бодит байдлыг хөрвүүлж байгааг тайлбарласан. Тэрээр "nostalgia mode"
буюу өнгөрснийг дахин бүтээх соёлын талаар ярьсан нь Бодрийярын хуурмаг бодит
байдал гэх ойлголттой холбоотой. Жишээ нь, өнөөгийн кино урлаг, загварын чиг
хандлага бүгд өнгөрснөөс хуулбарлах замаар жинхэнэ шинэ зүйл бий болгохоо
больсон гэж үзсэн. Бодрийярын онолыг дэлгэрүүлэн судалсан эрхмүүдийн дунд
толгой цохих Славой Жижек (Slavoj Žižek) капитализм, соёлын онол, сэтгэл
судлалын талаарх Бодрийярын үзэл бодлыг Лаканы психоанализтай холбон
тайлбарласан. Тэрээр өнөөдөр бид бодит байдал болон медиа дүрслэл хоёрын ялгааг
ойлгохоо больсон гэж үзсэн ба улс төр, дайны талаарх мэдээлэл хүртэл хүмүүсийн
сэтгэл хөдлөлд нийцүүлэн боловсруулагдсан үзүүлбэр (spectacle) болж хувирсан
тухай бичиж байсан.
Нэн шинэ үеийн судлаачид
ч Бодрийярын үзэл баримтлалуудыг өнөөгийн бидний нөхцөл байдалд хэрхэн хэрэгжиж
байгааг судалж, бидний технологитой харилцах харилцаа, соёлын өөрчлөлтийг
гүнзгийрүүлэн ойлгоход хувь нэмэр оруулж байгаагаас дурдвал. MIT-ийн
антропологийн профессор Наташа Доу Шюл (Natasha Dow Schüll) дижитал технологи,
ялангуяа мөрийтэй тоглоомын машин болон тэдгээрийн хэрэглэгчдийн зан төлөвийн
талаар судалдаг. Түүний "Addiction by Design" ном нь хүмүүсийн
технологитой харилцах харилцааг Бодрийярын хэт бодит байдал ойлголтоор
тайлбарладаг. Дараагийн дурдвал
зохих судлаач MIT-ийн профессор Шэрри Тюркл (Sherry Turkle) технологи, өөрийн
мэдрэмж, харилцааны талаар судалдаг ба түүний “Хамтдаа ганцаар” ("Alone
Together") ном нь хүмүүсийн нийгмийн сүлжээ, дижитал харилцаанд хэрхэн
автдагийг, энэ нь Бодрийярын симуляц ойлголттой хэрхэн нийцэж байгааг
харуулдаг. Төгсгөлд нь Калифорнийн их сургуулийн профессор Кристофр Болл (Christopher
Boll) виртуал бодит байдал, хиймэл оюун ухаан, дижитал медиагийн талаар
судалдаг талаар дурдах ёстой байх. Түүний судалгаанууд ч Бодрийярын онолуудыг
орчин үеийн технологийн хөгжилтэй холбон тайлбарладаг.
Бодрийяр болон
өнөөдөр нэр дурдагдсан эрхмүүд, тэдгээрийн үзэл санаа нь өнөөгийн бидэнд
амьдарч буй эрин үе, технологийн хөгжил, нийгмийн сүлжээ, мэдээллийн дайн,
хиймэл дүр төрх бүхий виртуал орчныг илүү сайн ойлгоход тус болон та бүхэнд цаашид
уншин судалж өөрийн бодит байдлыг, амьд орчин ахуй, амьд харилцааны сайн сайхан
талуудыг олж харан, нандигнан хадгалах сэдэл болуужин.



