2012 оноос хойш З сарын 20-ны өдрийг Олон Улсын Аз Жаргалын өдөр болгон зарлаж энэ онд 13 дахь удаагаа дэлхий нийтээр аз жаргал, сайн сайхан бүхэнд анхаарлаа хандуулан, үүний талаар мэдээлэл түгээдэг билээ. 2025 оны хувьд "Caring and Sharing" буюу “ачлал тахимдуу” сэдвийн доор энэрэл, өгөөмөр сэтгэл, сэтгэлийн амар амгаланг онцлон тэмдэглэж өнгөрүүлж байна.
Аз жаргал гэхээр хүн байнгын аз жаргалтай байх боломжгүй гэсэн нийтлэг ойлголт байдаг боловч би эсрэгээр нь аз жаргал гэдэг түр зуурын сэтгэлийн хөөрөл, баяр баясал, сэтгэл хөдлөл төдий биш сэтгэлзүйн байнгын төлөв гэж ойлгодог учир хүн бүр хүсвэл байнгын аз жаргалтай байх боломжтой гэж боддог. Аз жаргал гэдэг... гээд түг түмэн шалтгаан байвч, чухамдаа жинхэнэ “аз жаргал гэдэг миний хувьд байнгын амар амгалан, сэтгэл хангалуун төлөв.” За үүнийг өөрөөрөө жишээ татаж байгаад дэлгэрүүлэн тайлбарлаваас, би гэдэг хүн номын зургуудаа зурж эхэлснээс хойш найман жилийн турш аз жаргалтай амьдарч байна. Хэрэв аз жаргалыг сэтгэлийн хөөрөл төдийхнөөр төсөөлбөл би лавтай галзуурсан санагдах байх.
Гэтэл анхандаа би ч энэхүү байнгын аз жаргалтай төлөвтөө дасаагүй байсан ба зовлонд дассан хөөрхий “би” өөрөө гайхан, “Яг одоо л сайхан боллоо гээд бодохын цагт л ямар нэгэн зүйл буруу тийш эргэдэг дээ” гэсэн эсэргүү бодол үе үе төрж тэр тоолонд хэтэрхий аз жаргалтай байгаагаасаа айх айдас эзэмддэг байв. Тэгэвч энэ айдаст удаан автахгүй байх тэнхээг дотроос минь өөр нэгэн дуу хоолой өгч байсан нь “Гэхдээ би өнөөдрийг хүртэл өдий төдий зовлонт нөхцөл байдалд орж байсан ч даваад л гарсан, одоо юу ч туулсан тэр үеийнхээс хүнд байна гэж үү? Тухайн үедээ дааж давшгүй мэт байсан ч одоо тэр цаг үе хар дарсан зүүд шиг л ор мөргүй арилсан шүү дээ” гэх бодол байв. 1 жил, 2жил, 3 жил, 4 жил айдас төрүүлээд байсан шиг аймшигтай зүйл тохиолдсонгүй... нэг л мэдэхэд 8 жилийн турш би байнгын тогтмол, сэтгэл хангалуун, амар амгалан аз жаргалын төлөвтөө оршсоор л байна. Энэ хугацаанд баяр хөөртэй сайн сайхан мөчүүд ч, түүний яг адилаар үхэл хагацал зэрэг зовлонгийн шалтгаан болохуйц хүнд хэцүү үйл явдал ч бишгүйдээ тохиолдсон, гэвч миний сэтгэлийн амар амгалан ерөнхий төлөвийг аль аль өөрчилж чадсангүй. Учир нь “Аз жаргал гэдэг...” номын хаа нэгтээ дурдсанчлан амьдралыг харах өнцгөө үүрд өөрчилсөнд байсан юм.
Happiness is ... more about being content, rather than being in euphoria”
За илүү нуршаад яах вэ, аз жаргалын өдрийн энэ үдэш та унтахдаа миний санааг эргэцүүлээд үзээрэй... Цаашид аз жаргалын үндэс суурь болсон энэрэнгүй үйлс, эелдэг үйлдэлд өөрийгөө зохиулж, ойр дотнынхондоо хангалттай анхаарал болон цаг зориулж, амьдралынхаа эерэг зүйлсэд талархаж, өдөр тутмын амьдралаасаа аз жаргал мэдэрч сайхан сэтгэлээ тэтгэж яваарай. Энэ бичвэрийг уншсан энэ мөчөөс эхлэн үргэлжид аз жаргалтай төлөвт оршихыг хүсэн ерөөе! #АзЖаргалГэдэг #HappinessIs #InternationalDayOfHappiness #АзЖаргалынӨдөр #SharingAndCaring #АчлалБаХуваалцах #АчлалТахимдуу

No comments:
Post a Comment