Урлаг, урлагийн түүх, соёл, бага зэрэг философи, Монголчууд, Нүүдэлчид, Минимализм... Эрүүл, эко амьдрал... хог хягдалгүй амьдралын хэв маяг... #Art, #ArtHistory #Culture tiny bit of #Philophy #Mongols #Nomads #Minimalism #ZeroWaste #Green #Eco #SustainableLifestyle
Monday, March 31, 2025
ТЭНЦВЭР буюу Хаврын эморол...
Зүгээр ч эморч чадахаа байдаг нь насных уу? За ямартай ч ийм нэгэн бодолд ээрэгдэн суугаагаа хуваалцсуу. Сайн муу, сайхан муухай, зөв буруу, эерэг сөрөг гэсэн бидний үнэлэмж юугаар хэмжигдэн илэрхийлдэг вэ. Магадгүй оршихуйн цорын ганц зөв зүй тогтол байх бөгөөд түүнийг бид ТЭНЦВЭР гэдэг, чухамдаа энэ л оршихуйн цорын ганц үнэн бөгөөд түүнд хамгийн ойр бүхнийг бид сайн сайхан зөв эерэг хэмээн хүлээн авдаг бол, түүнээс холдох тусам буюу тэнцвэр нь алдагдсан бүхнийг бид муу муухай буруу сөрөг хэмээн хүлээж авдаг. Бид хэнээр ч заалгахгүйгээр зөнгөөрөө түүнийг таньдаг, түүн рүү тэмүүлдэг, түүнд ойртох бүрд амар амгалан, баяр баясал төрдөг, учир нь тэнцвэр гэдэг оршихуйн цор ганц үнэн зөв зүй тогтол бөгөөд бидний төрлөх мөн чанар зөн совин юм.
Энд миний өгүүлж буй тэнцвэр нь философийн олон сонгодог онолтой холбогдож болох бөгөөд энэ хүрээнд бидний оршихуй, амьдралын үнэ цэнэ илэрч байгаа нь тодорхой. Тухайлбал, үүнийг Платогийн "Шударга ёс" буюу Аристотэлийн "Алтан дундаж" гэсэн философийн онолуудтай холбоотойгоор тайлбарлаж болох юм. Плато (НТӨ 427-347) “шударга ёсыг” тэнцвэртэй байдлаар тодорхойлсон бөгөөд хувь хүн, нийгэм, улсыг үндсэн гурван хэсэгт хуваан, тэдгээрийн амьдралд тэнцвэрийг оруулах хэрэгтэй гэж үздэг байсан. Тэрээр хүний дотоод тэнцвэрт байдлыг хадгалан, зөв үйлдлийг хийж, "сайн" амьдралыг бүрдүүлнэ гэж ойлгодог. Харин Аристотэл (НТӨ 427-347) хүний зан чанарыг тодорхойлж, "тэнцвэр" буюу "алтан дундаж" гэсэн ойлголтыг гаргаж ирсэн. Тэрээр аливаа зүйлийг дунд түвшинд хадгалах хэрэгтэй гэж үзсэн бөгөөд хэтрүүлэг буюу дутагдал хоёр нь зөв байдалд хүргэхгүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл тэнцвэр нь зөв байдал, зөв үйлдлийг илэрхийлдэг гэх санаа түүнийх гэж хэлж болно.
Дорно зүгрүү хараалбал Будда (Сиддхартха Гаутама, НТӨ V зуун) "Дунд Зам" гэх ойлголтыг гаргаж, амьдралд хэт хангалуун эсвэл хэт хатуу сахилга баттай байхын аль нь ч зөв биш гэж сургажээ. Тэрээр оюун санааны тэнцвэр, дотоод амар амгаланг олох нь аз жаргалын үндэс гэж үздэг. Бүр наашлаад Хятадын Даоизмын үндэслэгч Лаозы ( ойролцоогоор НТӨ VI зуун) байгалийн жамаар амьдрахыг чухалчилсан. "Дао" буюу байгалийн жамтай нийцэж амьдрах нь жинхэнэ тэнцвэр гэж үзсэн бөгөөд хүний үйлдэл хэтэрхий хүчилсэн, эсвэл эсрэгээрээ хэт сул байх нь зохисгүй гэж тайлбарласан. Мөн Күнз (НТӨ 551–479 он) нийгэм дэх хүмүүсийн үүрэг, харилцааны зохицлын үндэс нь тэнцвэр гэж үзэн хүн өөрийн байр сууриа зөв ойлгож, бусдад хүндэтгэлтэй хандсанаар нийгэмд эв зохицол бий болно гэж номлож байжээ.
Цаг хугацаагаар багахан наашилж үзвэл төгс идеалист Кант (1724–1804) ёс зүйг "Категор Императив" буюу бүх хүнд адилхан үйлчлэх зарчим дээр суурилуулж, хүний үйлдэл зөв, шударга, тэнцвэртэй байх ёстой гэж үзэж байсан бол Руссо (1712–1778) хүний жам ёсны байдал, нийгмийн байгуулал хоорондын тэнцвэрийн талаар бодролдоо хүмүүс анх байгальтайгаа зохицон амьдарч байсан боловч соёл иргэншил, эдийн засаг, хувийн өмч бий болсноор байгальтайгаа зөрчилдөх болсон гэж үзсэн. Тэрээр "Нийгмийн гэрээ" (1762) номдоо хүний нийгмийг байгальтай илүү зохицохуйц байдлаар зохион байгуулах ёстой гэж тунхаглан биднийг соён гэгээрэлд дуудан байжээ. Харин Ниичэ (1844–1900) хүний дотоод хүч чадал, хувь хүний хөгжилд тэнцвэрийн ач холбогдлыг өгч, өөрийн "Супер хүн" үзэл баримтлалаар хүмүүс сул дорой байхаас зайлсхийж, хүчирхэг болох ёстой гэж үзсэн гэх зэргээр тэнцвэртэй хамааралтай философи хөвөрнө.
Тэнцвэрийн талаар онолдсон хожмын нөхдийн дундаас хэдэн эрхэм эрэхгүй анхаарал татах тул бүтээлүүдийг нь гүнзгийрүүлэн судлан үзэхийг хүснэм. Америкийн философич, байгаль судлаач Хэнри Дэвид Түро (Henry David Thoreau, 1817–1862) тэнцвэрийг байгалийн амьдрал ба орчин үеийн нийгмийн харилцааны талаас судлан "Walden" (1854) номдоо байгаль дунд энгийн амьдрахын утга учир, хүний байгальтайгаа хэрхэн тэнцвэртэй орших боломжтойг бичсэн. Харин Герман гаралтай америкаар овоглодог философич Ханс Йонас (Hans Jonas, 1903–1993) хүн байгальтайгаа хэрхэн хариуцлагатайгаар харилцах ёстойг судлан "The Imperative of Responsibility" (1979) бүтээлдээ технологийн хөгжил, аж үйлдвэржилт нь экосистемийн тэнцвэрийг алдагдуулж байна гэж үзээд, хүн төрөлхтөн хариуцлагатай хөгжлийн загвар руу шилжих ёстой гэсэн дүгнэлтэд бараг л хагас зуун жилийн өмнө хүрч байсан байх юм.
Эдгээр сэтгэгчид дундаас Норвегийн философич Арнэ Нэсс (Arne Dekke Eide Næss, 1912–2009) "Deep Ecology" буюу "Гүн экологийн философи гэгчийг хөгжүүлсэн. Түүний гол үзэл санааг томьёолбол хүн байгальд захирагдах эс бөгөөс түүнийг захирах бус, харин байгалийн нэг хэсэг гэдгээ ухамсарлавал нийгмийн зохицол ч тэнцвэртэй болно хэмээгээд: Хөгжил, технологи зөвхөн хүний хэрэгцээг хангах биш, байгальтайгаа зохицох зарчим дээр суурилсан байх ёстой бөгөөд технологи, эдийн засаг, экологи, соёлын бүх түвшинд тэнцвэрийг бий болгох арга замыг бидэнд санал болгосон.
Эргэн ахуйдаа буух аваас, нүүдэлчин соёл иргэншлээр хэдэн мянган дамнан амьдарч ирсэн бид сүүлийн зуун жилд өрнийн суурин соёл иргэншилтэй хөл нийлүүлэн алхахаар хичээж, бусдын гэх юм бүхэнд нүд унаган шохоорхож, өрнө дорнын философичдыг гайхан биширч явна. Тэгсээр, өнөөгийн хүний нийгэм дундаа будилан өрнийн “хүн төвт онол”ынхоо ч учрыг олж, нийгмийн гол бүтэц болсон хүнд ээлтэй нийгмээ ч бүтээж амжаагүй суутал... Нөгөө талд өрнийнхөн маань өөрсдийн нийгмийг байгальд давамгайлах үзэлтэй учраас тэнцвэрээ алдсан гэж дүгнэх болжээ. Арнэ Нэсс хүн экосистемийн нэг хэсэг тул байгальтай адил тэгш эрхтэй орших ёстой гэж үзсэнээс суурин өрнө тэр аяараа хүн байгалийн оршихуйн тэнцвэрийг чухалчилсан бидний уугуул нүүдэлчин иргэншлийн цөм үзэл рүү хэлбийж эхэлсэн байх юм. Нэгэнт хэрэг ийм тул бид тэдний эдгээр нэн шинэ үзэл онолтой уншин танилцахын зэрэгцээ өөрсдийн уугуул ахуй соёл, ертөнцийг үзэх үзэл онол лугаа өнгийхөд гэмгүй болжээ. Тэгээд яах юм гэж үү? Яах вэ, магад дундаас нь нүүдэлчин ч биш, суурин ч биш энэ хоёрыг тэнцвэртэй хослуулсан ахуй, өрнийн ч биш дорнын ч биш дундын тэнцвэртэй үзэл санаа, хүн төвтэй ч биш байгаль төвтэй ч биш аль алиныг нь хайрлан хамгаалж тэнцвэртэй оршоох нийгмийн онолтой болох аваас цэнгэлийн манлайд хүрэх бус уу? Гол нь ТЭНЦВЭР бус уу...
Эцэст нь, хаврын эморол эхэлсэн бодлоо товчхон сануулах аваас, ТЭНЦВЭР гэдэг... оршихуйн цор ганц зөв зүй тогтол бөгөөд бид бүх зүйлсийг түүнтэй харьцуулан үнэлдэг. Энэ нь бидний зөн совин бөгөөд төвийг сахисан үнэлэмжүүд болон амьдралын эерэг, сөрөг талуудыг ойлгоход тусалдаг. Үнэндээ, хүн төрөлхтний мөн чанар нь тэнцвэрт байдал руу чиглэдэг ба бид амар амгалан, баяр баясалд хүрэхэд тэнцвэр л хамгийн гол түлхүүр юм. Энэ бичвэр магад хэн нэгэнд оршихуйн мөн чанарыг гүнзгий ойлгон судлах, түүнд тэмүүлэх сэдэл болуужин.
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment